МГТИС-ИЙН БАГШ НАРЫН ОНОЛ-ПРАКТИКИЙН XIII БАГА ХУРАЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

МГТИС-ийн багш нарын онол-практикийн XIII бага хурал Дундговь аймагт амжилттай болж өндөрлөлөө

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр явуулдаг багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн XIII бага хурал 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотын Мандал ЕБС дээр амжилттай зохион байгуулагдлаа. "ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ БА БҮТЭЭЛЧ УР ЧАДВАР" сэдвийн хүрээнд өрнөсөн уг бага хурлыг  Дундговь аймгийн Засаг дарга, Боловсролын газар болон Мандал сургууль дэмжиж, хамтран ажилласан бөгөөд хурлын нээлтэнд  Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү хуралд МГТИС-ийн профессор, багш нараас гадна МУИС-ийн Физикийн тэнхимийн профессор Д.Улам-Оргих, Дундговь,  аймгийн Цэгцбилэг, Говийн ирээдүй сургууль, Дархан-Уул аймгийн 31-р сургууль, Говь-Алтай аймгийн 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Бүрд сумын сургуулийн багш нар нэгдсэн болон салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүллээ. 

Энэ удаагийн хурлын нэгэн онцлог нь бусад аймгуудаас зорин ирж туршлагаа хуваалцсан багш нараас гадна МГТИС-д ажиллаж буй Австрали болон Австри улсын хэлний багш нар Англи хэлний салбар хуралдаанд оролцон илтгэл тавьж, олон улсын туршлагаас хуваалцсан явдал байлаа.

Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байгууллага, сургуулийн удирдлага, хамт олон болон илтгэлээ хэлэлцүүлж, идэвхтэй оролцсон багш нар, хурлыг зохион байгуулах багийн гишүүдэд талархал илэрхийлье.